Tuesday, February 4, 2014

Уурхай яагаад зогсдог вэ?



Сар шинийн өмнөхнөөс манай нүүрс олборлогчид зогсож эхэлсэн. Энэ нь нэг талаас Хятадын еэвэн сар манай цагаан сартай ойролцоо таарч улирлын чанартай ээлжит зогсолт гэж харагдахаар байна. Үнэхээр сар шинээ угтах баяр нь Хятадын хамгийн том баяруудын нэг бөгөөд энэ үеээр дотоод аялал нь дээд цэгтээ хүрч газраар, төмөр замаар, агаараар аль нь ч  аялахад хүндрэлтэй ачаалал ихтэй байдаг. Дэлхийн хоёрдугаар эдийн засаг бүтэн сарын турш амрахад манайх байтугай дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь Хятадын Хенан мужийн шохойн чулууны уурхай 2013 оны 2 сард баяр таарсан тул үйлдвэрлэл огт явуулаагүйг зураг 1 – ээс харж болно.

 Зураг 1. Хятадын Хенан муж дахь  шохойн чулууны уурхай 
2013 оны 2 сард үйлдвэрлэл явуулаагүй байна
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болохоор заажээ:
    -Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
 -Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;
  -Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Эдгээрийн аль нь ч зогссон уурхайнуудад маань тохиолдоогүй.
Тэгвэл манай уурхайн зогсолтууд нь улирлын чанартай ээлжит зогсолт байв уу, эсвэл эдийн засаг, санхүүгийн өөр үндэслэл байв уу? Энд би эдийн засгийн ямар нөхцөлд уурхай үйл ажиллагаагаа зогсоодог вэ гэдэг талаар товчхон тайлбарлахыг хичээлээ.
            Хэрэв уурхайгаас гаргаж байгаа ашигт малтмалын үнэ дундаж хувьсах зардлаас илүү байвал алдагдалтай байсан ч уурхай ажилсаар л байдаг. Энэ нь илүү их алдагдлаас сэргийлсэн хэрэг. Жишээ нь, зэсийн үнэ 60 жилийн түүхэн дэх хамгийн бага үнэтэй  буюу 1 тонн нь 1320 ам. доллар байх үед Эрдэнэтийн уурхай ажиллаж л байсан. Мэдээж үйлдвэрийг ажиллуулах улс төр, нийгмийн шаардлага байсан. Гэхдээ хамгийн гол нь зэсийн үнэ унасан ч эдийн засгийн зогсолтын цэгээс доош унаагүй байсантай холбоотой.
Хувьсах зардал бүтээгдэхүүний үнэтэй тэнцүү байх цэг нь зогсолтын цэг байдаг. Энэ үед уурхай зогссон ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ч ялгаагүй тогтмол зардалтай тэнцүү хэмжээний алдагдал хүлээдэг. Харин үнэ үүнээс доош унахад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал тогтмол зардал дээр нэмээд хувьсах зардлын тодорхой хэсэг алдагдал дээр нэмэгддэг.
Иймээс нүүрсний үнэ салам унаж байгаа өнөө үед тухайн уурхай, ордын эдийн засгийн зогсолтын цэгийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Зардлын бүртгэлийн гол ач холбогдол энэ үед гарна. Мэдээж хувьсах болон тогтмол зардлуудыг ялгах, хамгийн бага хувьсах зардал гарах үйлдвэрлэл олборлолтын хэмжээг тодорхойлох нь мэргэжлийн хүмүүсийн баг ажиллаж байж тодорхойлдог.

Хүснэгт 1. Хувийн болон төрийн өмч давамгайлсан нүүрсний уурхайнуудын 2013 оны хоёрдугаар улирлын ашиг орлого.

Эрчим хүчний нүүрс олборлогч
Орлого
Зардал
Ашиг
1
Багануур ХК (75%-төрийн өмч)
39,571,853.5
41,141,509.3
-1,569,655.8
2
Шивээ-Овоо ХК (90%-төрийн өмч)
15,507,240.9
16,347,863.3
-840,622.4
6
Шарын Гол ХК (72%-Firebird Management LLC)
9,320,287.7
6,182,327.3
3,137,960.4

Зардлын бүргэл түүний хяналт аудит манай уул уурхайн салбарт маш муу байгаа. Цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас хувьчлагдсан Шарын гол ашигтай ажиллаж байхад түүнээс илүү уул техникийн нөхцөлтэй Багануур, Шивээ-Овоо тогтмол алдагдалтай ажилдаг нь санхүү, зардлын бүртгэлийн аудитын чадвартай холбоотой. Учир нь аудитын явцад зөвхөн санхүүгийн бичиг баримтыг шалгахаас уурхайн ашиглалтын горим, техник технологийн аудитыг зохих түвшинд гүйцэтгэж чаддаггүй юм. Үүнээс үүдэн шаардлагагүй тоног төхөөрөмж, эд материалын шахаа, авилга хээл хахуулийн гэмт хэрэг үйлдэгдэх эх үүсвэр тавигддаг.

No comments:

Post a Comment