Saturday, April 28, 2012

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ/ Mineral resources and reserves classification of Mongolia


Эрдэс баялаг эрчим хүчний сайдын
2012 оны 01 сарын 19 өдрийн 022 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН
ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ

Нэг.Ерөнхий зүйл

1.1         Энэхүү ангилал нь Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын (цаашид “ашигт малтмал” гэнэ) ордын нөөц, эрдсийн баялгийг судлагдсан байдал болон эдийн засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох,
эрдсийн баялагт  үнэлгээ өгөх, ордын нөөц, эрдсийн баялгийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичиг болно.

1.2         Хайгуулын ажлаар тогтоож, эдийн засгийн үр ашгийг нь тодорхойлсон, олборлох арга, систем, хүдрийг баяжуулах технологи, ордын гидрогеологи, инженер геологи, геоэкологи болон бусад нөхцлийг нь тодорхойлсон ордын нөөцийг улсын нөөцийн санд бүртгэж, эрдсийн баялгийг геологийн мэдээллийн санд оруулсан байна. Ийнхүү бүртгэх үндэслэл нь тухайн ордын нөөцийн тооцоотой тайлан болон бусад холбогдох баримт бичгийг Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчид хянасан дүгнэлт, тус зөвлөлийн хурлаар хэлэлцэн гаргасан шийдвэр байна.
1.3         Улсын ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлд ашигт малтмалын ордын нөөцийг олборлож буй орд, олборлохоор төлөвлөж байгаа (олборлох бэлтгэл хийж эхэлсэн) болон улсын нөөцөнд байгаа орд гэж ангилан бүртгэнэ.
1.4         Ашигт малтмалын ордын нөөцийг хайгуулын ажлын болон ашиглалтын хайгуулын үр дүнгээр тооцоолно.
1.5         Геологийн зураглал, геофизик, геохимийн судалгаа, ашигт малтмалын эрэл ба хайгуулын ажлын үр дүн болон эрлийн шалгууруудыг ашиглаж, мөн гарал үүслийн болон хүдэржилтийн төрлөөрөө ижил төсөөтэй хайгуул хийгдсэн ордуудтай харьцуулах замаар ашигт малтмалын сав газар, хүдрийн дүүрэг, хүдрийн зангилаа, хүдрийн талбай, хүдрийн орд, илрэлүүдэд, мөн хайгуул хийсэн ордын бүрэн судлаагүй захын ба гүний хэсгүүдэд эрдсийн баялгийн үнэлгээ өгнө. 
1.6         Олон ашигт малтмал бүхий цогц ордын хувьд үйлдвэрлэлийн ач холбогдолтой болохыг нь тогтоосон үндсэн ба дагалдах ашигт малтмалаар нөөцийг тооцоолж, эрдсийн баялгийг үнэлэнэ.
1.7         Хүдрийг баяжуулах болон гүн боловсруулах явцад бий болох товарын бүтээгдэхүүнд (баяжмал, г.м.) хуримтлах дагалдах ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийд байгаа болон товарын бүтээгдэхүүнд хуримтлагдах тоо хэмжээгээр тооцоолно.
1.8         Ашигт малтмалын чанар болон түүнийг боловсруулах технологийн судалгаа, туршилтыг улсын ба салбарын стандартын шаардлага (боловсруулах технологи, бүтээгдэхүүний үйлдвэрлэл)-д нийцүүлэн ашигт малтмалыг иж бүрнээр нь ашиглах зарчмыг баримтлан хийнэ.
1.9         Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол ба баялгийн үнэлгээг тухайн ашигт малтмалын нэгж масс ба эзэлхүүнд ноогдох ашигт бүрдвэрийн тоо хэмжээгээр илэрхийлнэ.
1.10      Зарим төрлийн ашигт малтмалын хувьд энэхүү ангиллыг хэрэглэхдээ тухайн ашигт малтмалд зориулан боловсруулж, эрх бүхий газраар батлуулан мөрдөж байгаа тусгай норм, үнэлгээ, арга зүйн баримт бичгүүдийг мөрдөж болно.


Хоёр.Эрдсийн баялаг ба ашигт малтмалын ордын нөөцийн төрлүүд

2.1. Эрдсийн баялаг гэж геологийн зураглал, тандан судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлаар илрүүлэгдэж, тоо хэмжээ нь үнэлэгдсэн газрын гадаргуу болон хэвлий дэх ашигт малтмалын хуримтлалыг хэлнэ.

2.2. Ашигт малтмалын ордын нөөц гэж хайгуулын ажлаар илрүүлэгдэж, тоо хэмжээ, эдийн засгийн ач холбогдол, олборлолтын нөхцлүүд нь тодорхойлогдсон эрдсийн баялгийн хэсгийг хэлнэ.

2.3. Ашигт малтмалын ордын нөөцийг геологийн нөөц, олборлох нөөц гэсэн хоёр төрөлд ангилна. Үүнд:
-Хайгуулын ажлын үр дүнгээр тогтоож, газрын хэвлийн орших байдлаар нь тооцоолсон ордын нөөцийг геологийн нөөц гэнэ.
-Олборлолтын явцад гарах бүх төрлийн хаягдал, бохирдолт, хамгаалалтын цулд үлдэх нөөц, нөлөөлөх бусад хүчин зүйлийн шалтгаанаар олборлох боломжгүй нөөц зэргийг геологийн нөөцөөс хасч тооцсон эдийн засгийн үр ашигтай нөөцийг олборлох нөөц гэнэ.

2.4. Ашигт малтмалын ордын нөөцийг эдийн засгийн үр ашгаар нь гурван бүлэгт ангилна.
-    Эдийн засгийн үр ашигтай нөөц.
-       Тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц.
-       Эдийн засгийн хязгаарлагдмал үр ашигтай нөөц.
-       Техник-эдийн засгийн тооцоогоор өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай нь тогтоогдсон ордын нөөцийг эдийн засгийн үр ашигтай нөөц гэнэ.
-       Техник-эдийн засгийн тооцоогоор өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн засгийн хувьд ашиггүй нь тогтоогдсон боловч үйлдвэрлэлийн зардлыг бууруулах шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил гарсан, эрдсийн түүхий эдийн үнэ нэмэгдсэн, төрөөс татварыг хөнгөлсөн зэрэг таатай орчин бүрдсэн нөхцөлд ашигтай нөөцийг тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц гэнэ.
-       Техник-эдийн засгийн тооцоогоор үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай боловч экологийн нөхцөл, төрийн бодлого, нийгмийн хүчин зүйл, хууль эрхийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй нөөцийг эдийн засгийн хязгаарлагдмал үр ашигтай нөөц гэнэ.

Гурав.Геологийн тогтоцын нийлмэл байдлаар
ашигт малтмалын ордыг ангилах нь

3.1. Хатуу ашигт малтмалын ордуудыг геологийн тогтоцын нийлмэл байдлаас нь хамааруулан гурван бүлэгт ангилна.

3.2. Нэгдүгээр бүлгийн орд. Энгийн геологийн тогтоц ба дотоод бүтэцтэй, хагарал ба атираашилтаар эвдрээгүй буюу бага эвдэрсэн байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь хүдрийн биетдээ жигд тархсан, ашигт малтмалын чанар, хүдрийн биетийн зузаан  нь тогтвортой, хэмжээний хувьд маш том, том, хааяа дунд зэрэгт орох ашигт малтмалын ордыг энэ бүлэгт хамааруулна.
Хайгуулын ажлаар нэгдүгээр бүлгийн ордын нөөцийг баттай (А), бодитой (B), боломжтой (С) зэрэглэлээр тооцоолно.

3.3. Хоёрдугаар бүлгийн орд. Нийлмэл геологийн тогтоцтой, тасрал эвдрэл болон атираашилтанд орсон байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь хүдрийн биетдээ жигд бус тархсан,  ашигт малтмалын чанар ба хүдрийн биетийн зузаан нь тогтворгүй, нийлмэл дотоод бүтэцтэй, хэмжээний хувьд том, дунд зэрэгт орох ашигт малтмалын ордыг энэ бүлэгт оруулна.
Энэ бүлэгт энгийн геологийн тогтоцтой боловч нийлмэл ба маш нийлмэл олборлолтын нөхцөлтэй ашигт малтмалын ордуудыг мөн хамааруулна.
Хайгуулын ажлаар хоёрдугаар бүлгийн ордын нөөцийг бодитой (B), боломжтой (С) зэрэглэлээр тооцоолно.

3.4. Гуравдугаар бүлгийн орд. Маш нийлмэл геологийн тогтоцтой, хүдрийн биет нь тасрал эвдрэл ба атираашилтанд их автсан байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь туйлын жигд биш тархалттай, тасалдсан хүдэржилттэй дотоод бүтэцтэй, хүдрийн биетийн зузаан, ашигт малтмалын чанар нь маш тогтворгүй, хэмжээний хувьд дунд ба жижиг хэмжээтэй ашигт малтмалын орд энэ бүлэгт багтана.
Хайгуулын ажлаар энэ бүлгийн ордын нөөцийг боломжтой (С) зэрэглэлээр тооцоолно.

Дөрөв.Ашигт малтмалын ордыг судлагдсан
түвшингээр нь ангилах

4.1. Аливаа ашигт малтмалын ордыг судлагдсан түвшингээр нь:
-       Хайгуул хийгдсэн орд
-       Үнэлгээ өгөгдсөн орд гэж ангилна.

4.2. Хайгуул хийгдсэн орд гэж түүний нөөц, ашигт малтмалын чанарын үнэлгээ, хүдрийг боловсруулах технологийн шинж чанар, ордын  гидрогеологийн болон олборлолтын нөхцөл, ордын нөөцийг тооцоолоход шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг өрөмдлөг, ил ба далд малталтаар нарийвчлан судалж тогтоосон, үүний дүнд бий болсон мэдээлэл нь ордыг олборлох болон хүдрийг боловсруулах шинэ үйлдвэр байгуулах, эсвэл хуучныг өөрчлөн тоноглох техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахад хангалттай түвшинд бүрдсэн ордыг хэлнэ.

Хайгуулын ажлаар ордыг дараах шаардлагуудыг хангасан түвшинд судалсан байна. Үүнд:
-   Ашигт малтмалын ордыг энэхүү ангиллын 3.2., 3.3., 3.4.–д заасан бүлгийн аль нэгэнд хамааруулан, нөөцийг тухайн бүлэгт тохирох ангиллаар тооцоолсон байх.
-   Хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүн, химийн найрлага, технологийн шинж чанар, төрөл, сортууд нь хүдрийг боловсруулах технологийн горимыг оновчтой сонгох, ашигт малтмалыг иж бүрдлээр нь ашиглах, олборлох болон боловсруулах үйлдвэрийн хаягдлыг ашиглах боломж, чиглэлийг тогтоох, мөн хаягдлыг хадгалах болон булшлах нөхцлийг тодорхойлсон байх.
-   Дагалдах ашигт малтмалын нөөцийг тооцоолон, хуулах хөрс, газрын доорхи усыг ашиглах чиглэлийг нь тодорхойлсон байх.


-   Ордын гидрогеологи, инженер геологи, геоэкологи, олборлолтын болон бусад нөхцлийг судалж тогтоосон мэдээлэл нь олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагыг хангасан байх.
-   Ордын геологийн тогтоц дээр тулгуурлан сонгон авсан, ордыг төлөөлөх багахан хэсгийн хэмжээнд түүний геологийн тогтоц, ашигт малтмалын чанар, тоо хэмжээ, ашигт бүрдвэрийн тархалт болон хүдрийн биетийн бүтцийг нарийвчлан судлаж тогтоосон байх.
-   Ордын нөөцийг тооцоолоход хэрэглэгдэх жишигийн үзүүлэлтүүдийг техник-эдийн засгийн тооцоо хийж үндэслэсэн байх. Зэргэлдээ болон хүдрийн нэг бүс, дүүрэгт орших, адил гарал үүсэл болон төсөөтэй геологийн тогтоцтой ордуудын хувьд нөөцийг тооцоолох жишигийн үзүүлэлтүүдийг адилтган авч болох боловч үүнийгээ сайтар үндэслэсэн байх.
-   Ордыг олборлох, хүдрийг боловсруулах үед хүрээлэн байгаа байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаварыг тогтоож, түүнийг арилгах арга замын талаар санал, дүгнэлтийг гаргасан байна.

4.3. Үнэлгээ өгөгдсөн орд гэж геологийн тогтоц, ашигт малтмалын чанар, тоо хэмжээ, хүдрийн технологийн шинж чанар, ордын гидрогеологи, инженер геологи, олборлолтын нөхцөл нь цаашид гүйцэтгэх хайгуулын ажлыг үндэслэж болохуйц түвшинд судлагдсан ордыг хэлнэ.
Үнэлгээ өгөх ажлаар ордыг дараах шаардлагуудыг хангах түвшинд судалсан байна. Үүнд:
-   Ашигт малтмалын ордын нөөцийн зарим хэсгийг нөөцийн боломжтой (С) зэрэглэлээр тооцоолох түвшинд судалсан байх.
-   Ашигт малтмалын бодисын найрлага, хүдрийн технологийн шинж чанар нь ашигт малтмалыг иж бүрдлээр нь ашиглах, хүдрийг боловсруулах технологийн зарчмын схемийг сонгон авах түвшинд судлагдсан байна.
-   Ордын гидрогеологи, инженергеологи, геоэкологи, олборлолтын болон бусад нөхцлүүд нь тэдгээрийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлох түвшинд судлагдсан байна.
-   Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, геологийн тогтоцыг жижиг талбайд нарийвчлан судалж баталгаажуулсан байна.
-   Нөөцийн тооцооны жишигийн үзүүлэлтүүдийг техник-эдийн засгийн урьдчилсан тооцоон дээр тулгуурлан сонгох, эсвэл судалж байгаа ордтой геологийн тогтоц, олборлох нөхцлөөрөө төсөөтэй ордтой харьцуулах журмаар сонгон авсан байна.
-   Ордыг олборлохтой холбогдож хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлж, үнэлгээ өгсөн байна.

4.4.    Ашигт малтмалын төрөл, ордын геологийн тогтоцын онцлог байдал, олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон хөрөнгө оруулалтын нөхцөл дээр тулгуурлан ордын янз бүрийн зэрэглэлээр тооцоологдсон нөөцийн оновчтой харьцааг эрх бүхий мэргэжлийн зохиогч тогтоож, шинжээч хянаж, баталгаажуулна.

Тав.Ашигт малтмалын ордын нөөц,
эрдсийн баялгийн зэрэглэл, түүнд тавигдах шаардлага

 5.1. Хатуу ашигт малтмалын ордын нөөцийг баттай, бодитой, боломжтой зэрэглэлд ангилан баттай нөөцийг “А”, бодитой нөөцийг “B”, боломжтой нөөцийг “С” үсгээр тэмдэглэнэ.

Эрдсийн баялгийг тогтоосон баялаг, илрүүлсэн баялаг, таамагласан баялаг гэж ангилан тогтоосон баялгийг “Р1”, илрүүлсэн баялгийг “Р2”, таамагласан баялгийг “Р3” гэж тэмдэглэнэ.

Ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн ангиллын бүдүүвч



 



























5.2. Баттай (А) нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.
-   Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоосон, хүдрийн биет дэх  хоосон чулуулаг болон жишгийн шаардлага хангахгүй хүдэржилттэй хэсгүүдийг ялгаж хүрээлсэн, атираашилд орсон байдал, хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайц нь тогтоогдсон байна.
-   Ашигт бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд найдвартай түвшинд тогтоосон байна.
-   Хүдрийн байгалийн төрлүүд нь тодорхойлогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж хүрээлэгдсэн, ашигт малтмалын чанар ба хүдрийн бодисын найрлагыг тогтоосон байна.
-   Хүдрийн технологийн шинж чанарыг үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна.
-   Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
-   Баттай нөөцийн хил заагийг цооног болон малталтаар хязгаарлан, сорьцлолтын үр дүнд тулгуурлан, жишгийн шаардлагыг баримтлан тогтоосон байна.

5.3. Бодитой (B) нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.
-   Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг ба жишгийн шаардлага хангахгүй хүдэртэй хэсгийг ялгаж хүрээлсэн, атираашилд автсан байдал, томоохон хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайц тодорхойлогдсон байна.
-   Ашигт бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд боломжийн түвшинд үнэлсэн байна.
-   Хүдрийн байгалийн төрлүүд тогтоогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж, хүрээлэгдсэн байна. Хүдрийн технологийн төрөл ба сортуудыг ялгаж хүрээлэх боломжгүй нөхцөлд тэдгээрийн орон зайн байршлын зүй тогтлыг тодорхойлж, технологийн төрөл ба сортуудын тоон харьцааг тогтоосон байна.
-   Хүдрийн технологийн шинж чанарыг хагас үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна.
-   Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
-   Бодитой нөөцийн хил заагийг сорьцын шинжилгээний дүнд тулгуурлан, жишгийн шаардлагыг баримтлан малталт ба цооногуудаар хязгаарлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик, геохимийн шалгууруудаар баталгаажсан тохиолдолд хязгаартай экстраполяцын шугамаар хязгаарласан байж болно.

5.4. Боломжтой (С) нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.
-   Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл тодорхойлогдсон, дотоод бүтцийн гол онцлог шинжүүд тайлбарлагдсан, томоохон хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайцыг судалсан байна.
-   Ашигт бүрдвэрийн тархалт, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн бүтцийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд судалсан байна.
-   Хүдрийн байгалийн ба технологийн төрөл, сортууд тодорхойлогдсон, тэдгээрийн орон зайн байршлын ерөнхий зүй тогтол ба тоон харьцаа нь судлагдсан байна.
-   Хүдрийн технологийн шинж чанарыг лабораторийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна. Мөн үзүүлэлтийг харьцуулалтын аргаар тогтоосон байж болно.
-   Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалсан байна.
-   Боломжтой нөөцийн хил хүрээг жишгийн шаардлагыг баримтлан малталт, цооногийн болон байгалийн гаршийн сорьцлолтын дүнд тулгуурлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик, геохимийн шалгуураар давхар баталгаажсан нөхцөлд экстраполяцын шугамаар хязгаарлаж болно.

5.5. Үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах бүрдвэрийн нөөцийг үндсэн ашигт бүрдвэрийн нөөц тооцоолсон хил хүрээнд судлагдсан байдал, тархалтын шинж чанар, орших хэлбэрт нь үндэслэн холбогдох ангиллаар нь ялгаж тооцоолно.

5.6. Тогтоосон баялаг1) -ийн үнэлгээг эрэл, эрэл-үнэлгээний ажлаар ашигт малтмалын илрэл болон хайгуул хийсэн ордын нөөцийг тооцоолсон хэсгийн гүнд болон захын хэсгүүдэд өгнө. Тогтоосон баялгийн үнэлгээнд хүдэржсэн бүсийн хил хүрээг хүдэржилт бүхий геологийн структурын хүрээнд болон хайгуул хийгдсэн нөөцүүдийн захаас экстраполяцын аргаар тогтооно. Үүнд мөн геофизик, геохимийн судалгаа, ашигт малтмалын тархах талбай болон гүний талаар хийсэн структурийн, литологийн, стратиграфийн судалгааны үр дүнг ашиглана. Хүдрийн чанар, тоо хэмжээний үнэлгээнд хүдрийн биетийн гарш болон цөөн тооны малталт, цооногийн сорьцлолтын үр дүнг ашиглахын зэрэгцээ түүнтэй гарал үүслийн болон формацын төрлөөр адил төсөөтэй, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийг харьцуулан, адилтгах замаар өгч болно.

5.7. Илрүүлсэн баялаг2) -ийн үнэлгээг геологийн 1:50000–ны масштабын зураглал, эрлийн ажлын шатанд илрүүлсэн ашигт малтмалын илрэл, хүдрийн бүсэд хийсэн геологи-структурийн судалгаа, үүссэн геологийн орчин нь ганц нэг цооног ба малталтаар баталгаажсан, геофизикийн болон геохимийн гажил дээр тулгуурлан эрлийн шалгуур, шинж тэмдэг бүхий геологийн структурын хүрээнд хийнэ. Ашигт малтмалын чанар, тоо хэмжээний үнэлгээнд цөөн тооны сорьцлолтын үр дүнг ашиглахын зэрэгцээ түүнтэй гарал үүслийн болон формацын төрлөөр адил, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийг харьцуулан, адилтгах журмаар өгч болно.

5.8. Таамагласан баялаг3) –ийн үнэлгээг геологийн 1:50000 ба 1:200000–ны масштабын зураглалын ажлаар болон, агаар, сансрын зургийн тайлал хийх явцад тогтоогдсон эрлийн шалгуурууд, металлогенийн болон структурийн геологийн судалгаа, геофизикийн болон геохимийн региональ судалгааны өгөгдлийн тайлал зэрэг онолын судалгаанд суурилан ашигт малтмал илрүүлэх потенциал боломжийг харгалзан, хүдрийн сав газар, хүдрийн дүүрэг, хүдрийн талбай, хүдрийн зангилааны хэмжээнд өгнө. Мөн таамагласан баялгийн үнэлгээг судалгааны талбайд илрүүлэгдэх магадлалтай ашигт малтмалын ордтой адил төрлийн орд бүхий хүдрийн дүүрэг, талбай, сав газруудтай харьцуулах замаар өгч болно.
           
            5.9. Эрдсийн баялгийн үнэлгээг цогцолбороор буюу харьцуулж байгаа ордын ашигт малтмалын чанар, хүдэр боловсруулах технологид тавьж байгаа шаардлага, түүний хөгжлийн хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр өгнө.



.....оОо.....











Эрдэс баялаг эрчим хүчний сайдын
2012 оны 01 сарын 19 өдрийн 022 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН НӨӨЦ,
ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛЛЫГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Нэг.Ерөнхий зүйл

Монгол орны ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур хүчин зүйл нь газрын хэвлий дэх эрдсийн баялгийг нээн илрүүлж, эрдэс баялгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдийн Монгол орны эрдэс баялгийн салбарын эрчимтэй хөгжил нь ашигт малтмалын хайгуул, олборлолтонд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж, хайгуул, олборлолтын объект болох ашигт малтмалын ордын нэр төрөл, тоо байнга өссөөр байгаа энэ үед ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг шинэчлэн боловсруулж баталгаажуулах асуудал чухлаар тавигдаж байна.

Монгол Улс 1998 оноос өмнө Оросын Холбооны Улсын Нөөцийн комиссоос баталсан ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд утгаар нь мөрдөн хэрэглэж байсан юм. Дан ганц төсвийн хөрөнгөөр хайгуул, олборлолтын ажлыг эрхлэж байсан тухайн үед энэ зааврыг баримтлах нь боломжгүй зүйл биш байлаа. Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиснээр эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбарт төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт давамгайлах хандлагатай болж, үүнтэй уялдан “Ашигт малтмалын тухай хууль” боловсруулагдсан тул шинэ нөхцөл байдлыг харгалзан “Монгол улсын ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар”-ыг боловсруулан 1998 оноос эдүүгээ хүртэл мөрдөн ажиллаж байна.

Зөвхөн улс орны төдийгүй дэлхийн хэмжээний томоохон ордууд илрүүлэгдэж байгаа өнөө үед түүнийг олборлох, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд борлуулах урьдчилсан нөхцөл нь Олон улсын шаардлагыг хангасан нөөц, баялгийн ангиллын дагуу нөөцийг тоолон бодож Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгүүлэх явдал юм. Гэтэл өнөөгийн бидний баримтлаж байгаа “Түр заавар” нь энэ шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаагаас гадна арав гаран жил туршин мөрдөж байгаа энэхүү түр зааврыг засаж сайжруулан баталгаажуулах зорилгоор энэхүү ангиллыг боловсруулсан болно.

Хоёр.Ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийг ангилахад баримтлах үндсэн зарчмууд

Ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хийхэд  дараах үндсэн зарчмуудыг мөрдлөг болгоно. Үүнд:
  • Ил тод байх.
  • Бодитой байх.
  • Нэр хүндтэй, мэргэшсэн байх
  • Дэс дараатай нарийвчлах зарчим.
  • Уламжлагдах чанартай байх.
  • Эдийн засгийн зарчим.

·         Газрын хэвлий дэх ашигт малтмалын баялаг нь төр, ард түмний өмч хэмээн Монгол улсын үндсэн хуулиар тунхагласан тул ашигт малтмалын нөөцийн  тооцоолол, эрдсийн баялгийн үнэлгээ бүхий геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлан мөн нээлттэй, нийтэд зориулагдсан байна. Нээлттэй, хариуцлагатай уурхайг хөгжүүлэх нь өнөөгийн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрийн үндсэн зорилт болж байгаа нь энэхүү зарчимтай нэгэн утга санаатай болно. Иймээс ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийг ангилах, нөөцийг тооцоолох, эрдсийн баялгийн үнэлгээ өгөхөд “Нээлттэй, ил тод байх” зарчмыг мөрдлөг болгоно.

·         Геологи хайгуулын бүх шатны судалгааны ажлууд, тэр тусмаа ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол, эрдсийн баялгийн үнэлгээтэй холбогдох судалгаа буюу ашигт малтмалын эрэл, хайгуулын ажил нь үнэн зөв, бодит мэдээллийг бүрдүүлэх  журмаар хийгдэнэ.  Ийнхүү үнэн зөв, бодит мэдээлэл дээр тулгуурлан боловсруулагдсан ашигт малтмалын нөөцийн тооцоолол, эрдсийн баялгийн үнэлгээ бүхий  нээлттэй, нийтэд зориулсан тайлан нь хөрөнгө оруулагчдыг үндэслэл бүхий тогтвортой шийдэл гаргахад шаардлагатай бүх бодит мэдээллийг агуулсан байхад энэхүү “Бодитой байх” зарчмын мөн чанар оршино.

·         Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол, эрдсийн баялгийн үнэлгээг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог, тухайн ажлыг гүйцэтгэх зохих түвшний туршлагатай, мэргэжлийн зэрэг дэвтэй этгээд хийж, итгэмжлэгдсэн шинжээч хянаж шалгасан байхад “Нэр хүндтэй, мэргэшсэн байх” зарчмын агуулга оршино. Энэ зарчмын үндэс нь бүх шатны геологи хайгуулын судалгааны ажлын тусгай зөвшөөрлийг зөвхөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан, геологийн судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад олгож, тэднээр тэр ажлыг гүйцэтгүүлэн, геологи хайгуулын судалгааны ажлын үр дүнгийн тайланг уг ажлыг гардан гүйцэтгэсэн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй геологич инженерүүд бүхий мэргэжлийн баг боловсруулан тайлагнана.  Эрдсийн баялгийн үнэлгээ бүхий эрэл, хайгуулын ажлын тайланг Монгол улсын мэргэшсэн зэрэгтэй геологич, ашигт малтмалын нөөцийн тооцоолол бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тухайн ашигт малтмалын хайгуулын Монгол улсын зөвлөх зэрэгтэй геологич тэргүүлэн боловсруулна.  Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн итгэмжлэгдсэн шинжээч хянаж, шинжээчийн дүгнэлт гаргана.

·         Геологи-хайгуулын судалгааны ажлын нарийвчлал дээшлэх дутам түүнд харгалзах ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн зэрэг дээшлэж байхад “Дэс дараатай нарийвчлах” зарчмын мөн чанар оршино.  Монгол Улсын геологийн судалгааны ажилд 1:50000-ны масштабтай ерөнхий эрэл хосолсон геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, эрэл-үнэлгээ, ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын хайгуул гэсэн үе шатлалыг баримтлаж байна.

Геологи-хайгуулын судалгааны ажлын дээрхи шатлалуудад эрдсийн баялгийн үнэлгээ ба ашигт малтмалын ордын нөөцүүд харгалзсан байна. Тухайлбал геологийн 1:50000–ны зураглал, ерөнхий эрлийн ажлаар таамагласан Р3, илрүүлэгдсэн Р2 эрдсийн баялгийн үнэлгээ, эрэл-үнэлгээний ажлаар тогтоогдсон Р1 эрдсийн баялгийн үнэлгээ ба боломжтой С нөөцийн тооцоолол хийгдэж байхад хайгуулын ажлаар ашигт малтмалын ордын нөөцийн тооцооллыг боломжтой С, бодитой В, баттай А зэрэглэлээр хийнэ.

 Энгийн геологийн тогтоцтой, ердийн ашигт малтмалын болон маш жижиг орд, илрэл, мөн орон нутгийн чанартай олборлох элс, хайрга, шавар зэрэг түгээмэл тархалттай орд, илрэлийн хувьд эрэл-үнэлгээний ажлаар орд ба илрэлийн нөөцийн зарим хэсгийг боломжтой С зэрэглэлээр тооцоолоод олборлолт явуулах боломжтой. Хайгуулын шатанд ордын нөөцийн тооцоолол хийгдэхийн зэрэгцээ томоохон ордын хайгуул хийсэн талбайн захаар болон ордын гүний хэсгүүдэд хайгуул бүрэн хийгдэхгүй, эрлийн шатандаа үлдэх тохиолдол байдаг тул энэ хэсгүүдэд эрдсийн баялгийн үнэлгээ өгөгдөнө.

·         Судалгааны ажлын нарийвчлал дээшлэх бүр эрдсийн баялгийн үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол нь ангиллын  доод түвшингээс дээд түвшиндээ уламжлагдан хөрвөдөг байхад “Уламжлагдах чанартай байх” зарчмын агуулга оршино. Ашигт малтмалын хайгуулын түүвэрлэн нарийвчлах зарчмын агуулга нь хайгуулын судалгааны өмнөх шатанд судлаж буй объектын нэгээхэн хэсэгт судалгааг нарийвчлан явуулж, дараагийн шатандаа бүх талбайг хамааруулсан байдгаар тайлбарлагдана. Геологийн 1:50000-ны масштабтай зураглалын ажлыг ерөнхий эрэлтэй хослуулан хийж байгаа нь энэ зарчмыг хэрэгжүүлж байгаагийн нэгэн баталгаа болно. Нөгөө талаас нэгдүгээр бүлэгт хамаарагдах томоохон ордын нөөцийг боломжтой С, бодитой В, баттай А  зэрэглэлээр ялган бодож байгаа нь энэ зарчмыг баримтлаж байгаа хэрэг мөн.

·         Ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгааны ажлын дүнд илрүүлэгдсэн ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ойрын ирээдүйд олборлох эдийн засгийн ач холбогдлын үнэлгээг хийж, түүний эдийн засгийн үр ашгийг тодорхойлоход эдийн засгийн зарчмын мөн чанар оршино.

      Монгол улсын ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилалд ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн үр ашгаар нь эдийн засгийн үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал үр ашигтай нөөц гэж ангилна.

Хайгуулын ажлын үр дүнгээр илрүүлэгдсэн нөөцийн эдийн засгийн үр ашгийг тодорхойлон тухайн ордыг ойрын ирээдүйд олборлоход эдийн засгийн хувьд үр ашигтай, эсэх талаар үнэлгээ өгч, эдийн засгийн үр ашигтай үнэлгээ авсан нөөцийг олборлох техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулна.
       
Техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээгээр эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдсон энгийн, түгээмэл тархалттай ашигт малтмалын ордуудын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хайгуулын ажлын үр дүнгийн тайлантай хамт нэг доор ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, стратегийн ач холбогдолтой, томоохон ордын техник-эдийн засгийн үндэслэлийг тусгайлан боловсруулж, ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх нь оновчтой.
     
Гурав.Нөөцийн зэрэглэлд тавигдах шаардлагууд

Ордын нөөцийн баттай А, бодитой В, боломжтой С зэрэглэлүүдэд адилхан дараах 6 гол үзүүлэлтүүдээр шаардлага тавигдана.
1.                    Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл, дотоод бүтцийн үнэлгээнд тавих шаардлага.
2.                    Ашигт малтмалын чанарын үнэлгээнд тавигдах шаардлага.
3.                    Хүдрийн технологийн шинж чанарын үнэлгээнд тавигдах шаардлага
4.                    Хүдрийн биетийн хувиран өөрчлөгдөлт, тасралтгүй үргэлжлэх байдлын үнэлгээнд тавигдах шаардлага (хайгуулын торын нягтрал)
5.                    Нөөцийн хил хүрээг тогтооход тавигдах шаардлага
6.                    Нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээнд тавигдах шаардлага

Энэхүү 6 гол үзүүлэлтээр тавигдах шаардлагуудаа нарийвчлан, тодорхой болгох зорилгоор “Ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал”-д  эдгээрийн заримыг дотор нь ангилан хувааж дэлгэрүүлэн тайлбарласан. Ямар ч тохиолдолд нөөцийн ангиллын түвшин дээшлэх дутам энэхүү шаардлагууд чангарах зүй тогтолтой байна. Өөрөөр хэлбэл боломжтой нөөцөөс бодитой нөөцөд, бодитой нөөцөөс баттай нөөцөд илүү өндөр шаардлага тавигдана.  Үүнийг ойролцоо утгатай боловч шаардлага нь өөр өөр байхад аль болохоор илүү тохирсон үг хэллэгээр, эсвэл тавигдах дүйцсэн шаардлагаар илэрхийлсэн болно. Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалд эдгээр шаардлагууд хэрхэн ялгаатай тавигдсан болохыг тодруулвал:

1.            Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл, дотоод бүтцийн үнэлгээнд тогтоогдсон, үнэлэгдсэн, судлагдсан зэрэг тухайн үзүүлэлтүүдэд тавигдах шаардлагын түвшин буурах дарааллаар сонгогдсон үг хэллэгүүдийг хэрэглэнэ.

2.            Нөөцийн баттай (А) зэрэглэлд хүдрийн байгалийн болон технологийн төрөл, сортуудыг ялгаж, орон зайн байршлыг тодорхойлсон байх, нөөцийн бодитой (В) зэрэглэлд энэ  шаардлагыг хэвээр үлдээхийн зэрэгцээ хүдрийн технологийн төрөл, сортуудыг ялгаж хүрээлэх боломжгүй нөхцөлд тэдгээрийн орон зайн байршлын зүй тогтлыг тодорхойлж, технологийн төрөл ба сортуудын тоон харьцааг тогтоосон байх, нөөцийн боломжтой (С) зэрэглэлд хүдрийн технологийн төрөл, сортууд орон зайн байршлын ерөнхий зүй тогтол ба тоон харьцаа нь судлагдсан байна.

3.            Хүдрийн технологийн шинж чанарыг нөөцийн баттай (А) зэрэглэлд үйлдвэрийн технологийн түвшиний туршилтаар, нөөцийн бодитой (В) зэрэглэлд хагас үйлдвэрлэлийн түвшиний технологийн туршилтаар, нөөцийн боломжтой (С) зэрэглэлд лабораторийн түвшиний технологийн туршилтаар тогтоосон байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран олборлох стратегийн ач холбогдолтой болон томоохон ордод энэ шаардлагыг чанд баримтлаж, ердийн ашигт малтмалын ордод хагас үйлдвэрлэлийн түвшиний технологийн туршилтаар, түгээмэл тархалттай ордод лабораторийн түвшиний технологийн туршилтаар хязгаарлаж болно.

4.            Хүдрийн биетийн бүтцийн нийлмэл байдлыг илэрхийлэгч ашигт бүрдвэрийн тархалт, хүдрийн биетийн зузаан зэрэг аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөгдөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд нөөцийн баттай (А) зэрэглэлд найдвартай түвшинд тогтоосон, нөөцийн бодитой  (В) зэрэглэлд боломжийн түвшинд үнэлсэн, нөөцийн боломжтой (С) зэрэглэлд судалсан байна.

5.            Янз бүрийн зэрэглэлд хамаарагдах нөөцийн хил хүрээг жишигийн шаардлагыг баримтлан  баттай (А) зэрэглэлд зөвхөн малталт ба цооногоор, бодитой (В) зэрэглэлд малталт, цооногоор болон геологийн хувьд баталгаажсан хязгаартай экстраполяцын аргаар, боломжтой (С) зэрэглэлд дээрхи хувилбаруудаас гадна геологийн структур, геохими, геофизикийн өгөгдлөөр баталгаажсан нөхцөлд өндөр зэрэглэлийн нөөцөөс экстраполяцлан тогтооно.

6.            Ашигт малтмалын нөөцийн аль ч зэрэглэлийн тооцоололд тулгуурлан ирээдүйн олборлох, боловсруулах үйлдвэрийн үндэслэл боловсруулагдах тул нөөцийн зэрэглэлээс үл хамааран ордыг олборлох техникийн, гидро- ба инженер геологийн нөхцөл, геоэкологийн нөхцөл, нийгэм, хууль эрх зүйн болон бусад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээнд тавигдах шаардлагууд нөөцийн баттай, бодитой, боломжтой зэрэглэлүүдэд адил түвшинд байна.

Дөрөв.Нэр томъёо

Ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийг ангилахад “ашигт малтмалын ордын нөөц”, “эрдсийн баялаг” гэж нэрлэнэ. Тодорхой ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол бүхий тайлан бичиж байгаа тохиолдолд “ашигт малтмалын нөөц” гэсэн нэр томъёоны оронд “......- ын ордын нөөц” гэж нэрлэнэ.

Ашигт малтмалын ордын нөөцийг тооцоолох, эрдсийн баялгийг үнэлэх гэсэн нэр томъёг хэрэглэнэ. Иймээс ашигт малтмалын ордын нөөцийн тооцооллын хэсэгт ”баялаг, үнэлгээ өгөх” гэсэн хэллэгийг, эрдсийн баялгийн үнэлгээний хэсэгт “нөөц, нөөцийн тооцоолол” гэсэн хэллэгийг хэрэглэхгүй байх, мөн “нөөцийн үнэлгээ”, “баялгийн тооцоо” гэж нэрлэхгүй.




.....оОо.....


No comments:

Post a Comment