Saturday, April 28, 2012

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ/Mongolian mineral resources professional counsil procedure

Эрдэс баялаг,эрчим хүчний сайдын
2009 оны 4 дүгээр сарын13-ны өдрийн
81 дүгээр тушаалын
1 дүгээр хавсралт
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь (цаашид "Зөвлөл" гэнэ) Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл (цаашид "Геологийн судалгаа" гэнэ), хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид “Тусгай зөвшөөрөл” гэнэ) эзэмшигчдээс ирүүлсэн бүх төрлийн ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээ бүхий тайлан, орд газрыг ашиглах буюу уул уурхайн үйлдвэрлэлийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон газрын тос (газрын тос, байгалийн хий, нүүрсний давхаргын метан г.м. нүүрстөрөгчийн төрөл бүрийн нэгдэл г.м)-ны судалгаа, бусад үйл ажиллагаатай холбогдсон ажлын төсөл, төлөвлөгөө, үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль, дүрэм, судалгааны арга аргачлалтай нийцэж буй эсэх талаар мэргэжлийн зөвлөмж өгөх , дүгнэлт гаргах эрхтэй орон тооны бус Зөвлөл мөн.

2. Зөвлөл хэлэлцэх асуудлын онцлогтой уялдсан салбар болон дэд хуралдаануудаар дор дурьдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэж байна. Үүнд:
2.1. Геологийн судалгаа, ашигт малтмалын эрлийн чиглэлээр хийх Зөвлөлийн салбар хуралдаанаар:
2.1.1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, тэдгээртэй адилтгах бусад судалгааны ажлын төсөл, төсвийн тодотгол, үр дүнгийн тайлан;
2.1.2. Геологийн судалгаа, ашигт малтмалын эрлийн ажлын хэтийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах геологийн судалгаатай холбогдолтой асуудлууд, геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөний төсөл г.м;
2.1.3. Геологийн судалгаа, ашигт малтмалын эрлийн ажлын төсөл, төсөв зохиоход мөрдөх төсвийн норм, цаг, материал зарцуулалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн эдэлгээний норм зэрэг төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд хэрэглэх норм, үнэлгээ г.м.
2.2. Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх Зөвлөлийн салбар хуралдаанаар:
2.2.1. Геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын арга, аргачлал, заавар, журам,
2.2.2. Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон орд газрын нөөцийн тооцоо, нөөц тооцоолоход хэрэглэсэн жишгийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон үндэслэл зэрэг асуудлууд,
2.2.3. Монгол улсын хатуу ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний тэнцэл, тухайн жилд нэмэгдсэн болон хасагдсан ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн хөдөлгөөний тэнцэлд тусгах асуудал; 2.2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэн тухайн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газар, талбайд тэмдэглэл, дүгнэлт гаргах, 
2.3. Ашигт малтмал ашиглах ТЭЗҮ зэрэг уул уурхайн чиглэлээр хийх Зөвлөлийн салбар хуралдаанаар:
2.3.1. Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарын хэтийн хөгжлийн асуудлууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах уул уурхайн салбарын холбогдолтой асуудлууд;
2.3.2. Уул уурхайн үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох, ашигт малтмалыг олборлон ашиглах явцад гарах хаягдлыг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах зэрэгт чиглэсэн оновчтой санал;
2.3.3. Орд газрыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх болон түүний үндсэн дээр тухайн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэх тухай дүгнэлт гаргах г.м.
2.3.4. Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах шаардлага, хүлээн авах зааврыг хэлэлцэн, дүгнэлт гаргана.
2.4. Газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэх Зөвлөлийн салбар хуралдаанаар:
2.4.1. Газрын тосны салбарын хэтийн хөгжлийн асуудлууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах газрын тосны салбарын холбогдолтой асуудал;
2.4.2. Монгол улсын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа газрын тосны судалгаа, түүнтэй холбогдолтой үйл ажиллагааны төсөл, төсөв, тайлан материал, төлөвлөгөө, дүрэм, журам, судалгаанд нэвтрүүлэх шинэ арга, аргачлал, техник, технологи, патентийн асуудал;
2.4.3. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гүйцэтгэсэн газрын тосны судалгааны ажлын үр дүнд тогтоосон газрын тос, байгалийн болон нүүрсний давхрагын хийн нөөцийг хүлээ:ж авах болон тухайн жилд нэмэгдсэн болон хасагдсан нөөцийг улсын нөөцийн хөдөлгөөний тэнцэл (баланс)-д тусгах зэрэг
асуудал.
3. Зөвлөл нь геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн Сайдын баталсан дүрэм, бүрэлдэхүүнээр ажиллана.
4. Салбар хуралдаанд оролцох гишүүдийн тоо 15-аас багагүй байна.
5. Зөвлөл Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай болон Газрын тосны тухай Монгол улсын хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж, холбогдох бусад хууль, тогтоомж, геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн Сайд болон төрийн захиргааны байгууллагын даргын тушаал болон энэхүү дүрэм, түүнд нийцүүлэн Зөвлөлийн даргын баталсан дотоод журмыг мөрдөж ажиллана.
6. Зөвлөл нь дарга болон хариуцсан асуудлаар 2 орлогч даргатай байна. Зөвлөлийн дарга нь яамны геологийн бодлого хариуцсан газрын дарга, орлогч дарга нь Ашигт малтмалын болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын геологи, уул уурхайн албаны дарга болон орлогч дарга байж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд, шаардлагатай гэж үзсэн зарим ордын нөөцийг хүлээн авах, тэдгээрийг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэж, шийдвэрлэх хуралдааныг удирдана.
6.1. Бусад асуудлыг хэлэлцэх Зөвлөлийн салбар хуралдаан бүрийг дор дурьдсан албан тушаалтнууд удирдан, оролцоно. Үүнд:
6.1.1. Улсын төсвөөр гүйцэтгэсэн геологийн судалгаа, ашигт малтмалын эрлийн чиглэлээр хийх Зөвлөлийн салбар хуралдааныг яамны Геологийн бодлого хариуцсан газрын орлогч дарга, 
6.1.2. Стратегийн ашигт малтмалын ордоос бусад ордын хайгуулын ажлын
үр дүнг хэлэлцэж, нөөцийг хүлээн авах салбар хуралдаан болон Ашигт малтмалын
тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэн тухайн хайгуул
хийж нөөцийг нь тогтоосон орд газар, талбайд тэмдэглэл, дүгнэлт гаргах дэд
хуралдааныг яамны Геологийн бодлого хариуцсан газрын орлогч дарга,
6.1.3. Ашигт малтмал ашиглах ТЭЗҮ зэрэг уул уурхайн чиглэлээр хийх
Зөвлөлийн салбар хуралдааныг яамны уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого
хариуцсан газрын дарга,
6.1.4. Газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэх
Зөвлөлийн салбар хуралдааныг яамны түлшний бодлого хариуцсан газрын дарга,
6.1.5. Салбар хуралдаанд оролцох гишүүдийн бүрэлдэхүүнийг зөвлөлийн
дотоод журмаар ажил, мэргэжлийн чиглэлийн дагуу холбогдох газруудын санал
авч хуваарилан тогтооно.
6.1.6. Зөвлөлийн хуралдаанаас гаргах дүгнэлттэй Зөвлөлийн дарга, орлогч
дарга нар танилцаж, тухайн хуралдааныг удирдсан хүний хамт гарын үсэг зурсан
байна.
7. Зөвлөлийн болон салбар хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулах
нарийн бичгийн даргатай байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга салбар
хуралдааны нарийн бичгийн дарга нараас хариуцсан асуудлын чиглэлээр
ирүүлсэн мэдээ, тайлан, зөвлөмж, тэмдэглэлийг нэгтгэн зөвлөлийн даргад
танилцуулж байна.
8. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц, түүнийг
ашиглах ТЭЗҮ болон шаардлагатай гэж үзсэн зарим хуралдаанд УИХ, Засгийн
газрын холбогдох гишүүд, яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага зэргээс
холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийг урилгаар оролцуулж болох ба
оролцуулах хүмүүсийн бүрэлдэхүүнийг Зөвлөлийн дарга, орлогч дарга нар
тогтооно.
9. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, эрдэс баялгийн
судалгааны төслийн үр дүнгийн тайлан болон тухайн жилд үргэлжилж буй төслийн
төсвийн тодотгол, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг
ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцээд гаргасан Зөвлөлийн хуралдааны дүгнэлтийг
үндэслэн салбарын сайд, бусад асуудлыг хэлэлцээд гаргасан салбар хуралдааны
дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга тушаал гаргах ба
эдгээр тушаал хэлэлцсэн асуудлаар гаргах эцсийн шийдвэр болно.
11. Зөвлөл нь Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлтийн
хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
12. Зөвлөлийн хуралдааныг монгол хэл дээр хийж, түүний баримт бичгийг
монгол хэлээр гаргана.
13. Зөвлөлийн хуралдааныг яаманд, салбар хуралдааныг холбогдох төрийн
захиргааны байгууллагад хийнэ. Зөвлөлийг зарлан хуралдуулах ба салбар
хуралдааныг долоо хоног бүрийн тогтсон ажлын өдөр хийж байна. Шаардлагатай
тохиолдолд хуралдааныг ажлын 5 өдрийн алинд нь ч хийж болно.
14. Зөвлөл ашигт малтмалын ордын хайгуулын ажлын тайлан, нөөцийн
тооцоо, ТЭЗҮ-д хяналт хийж, шүүмж, дүгнэлт гаргах итгэмжлэгдсэн, мэргэшсэн
шинжээч болон шинжээчдийн хэсэг, хуулийн этгээдийг зөвлөлийн нэрийн өмнөөс
томилон ажиллуулна.
14.1. Тухайн тайлан, ТЭЗҮ-д шүүмж хийж, дүгнэлт гаргах итгэмжлэгдсэн
шинжээчийг зөвлөлийн салбар хуралдааны нууц санал хураалт явуулж, олонхийн
саналаар томилно. Зөвлөлийн гишүүн итгэмжлэгдсэн шинжээч байж болно.
14.2. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын
ажлын тайлан, нөөц болон ТЭЗҮ-д шүүмж, дүгнэлт гаргах эрдэмтэд,
мэргэжилтнүүдийг оролцуулсан шинжээчдийн хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний
сайдын тушаалаар томилно.
14.3. Зөвлөлөөр асуудал хэлэлцүүлэхээр бэлтгэж буй байгууллага нь тухайн
ажил дуусахаас өмнө шинжээчийг томилуулан авч, шинжээчийн ажлыг эхлүүлж
болох ба энэ нь стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын хувьд нэгэн
адил хамаарна.
14.4. Шинжээчийн дүгнэлтэнд зөвлөл хариуцлага хүлээхгүй.
14.5. Шинжээч ажлын тайлан, материалтай нарийвчлан танилцан,
шаардлагатай бол газар дээр нь очиж, шалган баталгаажуулж шүүмж, дүгнэлтээ
үнэн, зөв, бодитой хийж, тайлан зохиогч болон зөвлөлийн нарийн бичгийн даргад
ирүүлэх ба Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үед өөрийн биеэр оролцоно.
15. Зөвлөлийн хуралдааны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн гаргасан
салбарын сайд, төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар өгсөн үүрэг,
даалгаврын биелэлтийг яам, агентлагийн холбогдох газар, алба, хэлтсүүд заасан
хугацаанд нь албан ёсоор гаргаж, Зөвлөлд ирүүлж байна.
16. Холбогдох газруудаас байгууллага, компаниудын үйл ажиллагаанд
хяналт, шалгалт хийхдээ Зөвлөлийн хуралдааны зөвлөмж, дүгнэлт, түүний дагуу
гаргасан сайд, агентлагийн даргын тушаалын биелэлтийг шалгаж, дүнг Зөвлөлд
мэдэгдэж байна.
17. Тайлан, материалыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхтэй
холбогдож гарах зардал (улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн
судалгааны ажлын үр дүнгийн тайланд шүүмж бичсэн шинжээч, тайланг
Зөвлөлийн хуралдаанд бэлтгэж оруулсан нарийн бичгийн дарга, ахлах
мэргэжилтэн, хуралдааныг удирдаж явуулсан салбар хуралдааны ахлагч,
хуралдаанд оролцсон гишүүд, энэхүү дүрмийн Нийтлэг үндэслэлийн 8-д заасны
дагуу тухайн хуралдаанд урилгаар оролцуулсан хүмүүст хуралдаанд оролцсон
тухайд нь олгох ажлын хөлс, Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдож гарах бусад
зардал г.м)-ыг зохих журмаар батлагдсан төсвийн дагуу тусгай зөвшөөрөл
эзэмшигчид болон гэрээлэгчдээс агентлагт төвлөрүүлдэг үйлчилгээний орлогоос
гаргана.
17.1. Шүүмж, дүгнэлт гаргасан шинжээч, урилгаар оролцсон хүмүүст олгох
ажлын хөлсийг тооцох, олгох журмыг агентлагийн даргын тушаалаар баталж
мөрдүүлнэ.
Хоёр. Зөвлөлийн үүрэг, эрх
1. Зөвлөл дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
1.1. Энэхүү дүрмийн Нийтлэг үндэслэлийн 2.1-д заасан салбар
хуралдаанаар хэлэлцсэн асуудал бүрээр хуралдааны тэмдэглэл, зөвлөмж,
дүгнэлт гаргахдаа геологийн 1:50000-ны масштабын зураглал, ашигт малтмалын
ерөнхий эрлийн ажлын үр дүнгийн тайланд 2-оос доошгүй хүн (үүний нэг нь их
сургуулийн профессор, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх эрдэмтэн
байна)-ээр шүүмж хийлгэн, Монголын стратиграфийн комиссоос дүгнэлт
гаргуулсны үндсэн дээр хэлэлцэн, уг тайланг хүлээн авах, геологийн зургийг
жишигт тохирсон эсэх, судалгааны арга аргачлал нь хүчин төгөлдөр мөрдөж
байгаа арга аргачлалтай нийцэж буй эсэх болон энэхүү судалгаанд зарцуулсан
зардлыг тухайн байгууллагын тэнцлээс хасах тухай тодорхой зааж, шийдвэрлүүлж
байх;
1.1.1. Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж,
шийдвэрлэх хүртэлх хугацаанд түүн дэх мэдээллийн нууцлалыг хадгалах арга
хэмжээг авч ажиллах;
1.2. Энэхүү дүрмийн Нийтлэг үндэслэлийн 2.2-т заасан салбар
хуралдаанаар хэлэлцсэн асуудал дахь ашигт малтмалын ордын хайгуулын ажлыг
аргачлалын зохих заавар, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх (хүдрийн бодисын
найрлага, хүдэр баяжуулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн болон
металлургийн туршилт судалгаа хийсэн байдал, нөөц бодох жишгийн тооцооны
үндэслэл, орд газрын ашиглалтын техник-эдийн засгийн урьдчилсан тооцоо,
ордын инженер геологи, гидрогеологи, уул-техникийн нөхцөл зэргийг судалсан
байдал г.м)-д болон хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь ашигт малтмалын
хүдрийн нөөцийн тооцооны үнэмшилд шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн
дээр хэлэлцэн, уг ордын нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын
нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх тухай хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт
гаргах;
1.2.1. Хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг Зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн нууцалбал зохих зүйлийн нууцлалыг хадгалах арга хэмжээг авч
ажиллах;
1.3. Энэхүү дүрмийн Нийтлэг үндэслэлийн 2.3-т заасан салбар
хуралдаанаар хэлэлцсэн асуудал бүрээр хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт
гаргахдаа ашигт малтмалыг олборлох, ашиглах явцад гарах хаягдлыг багасгах,
байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах зэрэгт чиглэсэн оновчтой
санал, эрдэм шинжилгээний ажлын тайлан, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний
стандартын төслийг хэлэлцэж, зөвлөмж, дүгнэлт гаргах;
1.3.1. Орд газрыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцээд
гаргасан үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн орд газрыг стратегийн ач холбогдол
бүхий ордод хамааруулах эсэх тухай дүгнэлт гаргах;
1.4. Энэхүү дүрмийн Нийтлэг үндэслэлийн 2.4-т заасан Зөвлөлийн салбар
хуралдаанаар газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон асуудал бүрээр
хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт гаргана.
1.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргуулсан шийдвэрийн
биелэлтийн талаар Сайдын зөвлөл, агентлагийн Захиргааны зөвлөлд хагас жил
тутамд албан ёсоор мэдээлж байна.
2. Зөвлөл дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
2.1. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын
төсөл, төсөв, төсвийн тодотгол, үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр шүүмж
хийлгэж, холбогдох дүгнэлт гаргуулж бэлтгэсэн тайлан материалыг зөвлөлөөр
хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр хүлээн авна.
2.2. Геологийн судалгаа, ашигт малтмалын ордын хайгуулын ажил, төслийг
удирдан явуулсан, үр дүнгийн нөөцийн тооцоотой тайлангийн гол зохиогч геологич
инженер өөрөө тайланг Зөвлөлийн хуралдаанаар хамгаалах тохиолдолд уг
тайлан, түүн дэх ашигт малтмалын ордын нөөцийг хэлэлцэж шийдвэрлэхээр
хүлээн авна.
2.3. Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч
компаниас Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн орд газрыг
ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий хуулийн этгээд
боловсруулсан тохиолдолд түүнийг хэлэлцэж шийдвэрлэхээр хүлээн авна.
2.4. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан,
материалын бүрдэлт бүрэн бус, мөрдөж байгаа заавар, журмын шаардлагыг
хангаагүй болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр танилцах болон хэлэлцэх
явцад буцаахаар шийдвэрлэсэн тайлан, материалд нэмэлт засвар, тодотгол
хийлгэх, эсхүл уг тайлан, материалыг дахин шинээр боловсруулах хугацааг
тогтоох, хэлэлцэх тайлан, материалтай холбогдсон нэмэлт тайлбар, мэдээллийг
холбогдох байгууллага, компани, хүмүүсээр гаргуулах;
2.5. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн тайлан,
материалыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр Зөвлөлийн шинжээч,
холбогдох зарим гишүүд танилцах явцад шинжээчийн саналаар болон шинжээчтэй
тохиролцсоны үндсэн дээр хайгуулын ажлаар тогтоосон зарим үзүүлэлт (ашигт
малтмалын агуулга, боловсруулах технологийн шинж чанар, хүдрийн биеийн
зузаан г.м.)-д хяналт хийх, тодруулах шаардлагатай гэж үзвэл түүнийг шинжээчийн
оролцоотойгоор хэрэгжүүлж, түүнтэй холбогдож гарах зардлыг тусгай зөвшөөрөл
эзэмшигчээс гаргуулах;
2.6. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай шууд холбоотой хүмүүс,
эрдэмтэд, мэргэжилтнүүдийг Зөвлөлийн хуралдаанд урьж, зөвлөх эрхтэй
оролцуулах;
2.7. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр
дүнгийн тайланг чанарын өндөр үзүүлэлттэй хамгаалсан байгууллага, компанийн
ерөнхий геологич, түүнтэй адилтгах албан тушаалтан, уг ажлыг гардан гүйцэтгэсэн
геологичид болон геологичдын цаашдын үйл ажиллагаанд санаа авахуйц
үндэслэлтэй асуудлыг гаргаж тавьсан шүүмжлэгчдийг урамшуулан шагнах
саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьж шийдвэрлүүлэх;
2.8. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын
геологийн даалгаврыг хангалтгүй биелүүлснээс болж судалгааны ажлын чанар,
үнэмшил шаардлагын хэмжээнд хүрээгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаанаас
энэ тухай дүгнэлт гаргаж, тухайн ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй байгуулсан
гэрээний дагуу нөхөн төлбөр, мөнгөн торгууль ногдуулах асуудлыг Улсын
мэргэжлийн хяналтын газарт тавьж шийдвэрлүүлэх;
2.9. Геологи, эрдэс баялаг, газрын тосны салбарын ажлын чиглэлээр
хэвлэлд бэлтгэсэн төрөл бүрийн масштабын геологийн болон бүх төрлийн ашигт
малтмалын байршлын зүй тогтлын зураг, эрдэм шинжилгээний бүтээл, ном,
товхимол зэргийг шүүн хэлэлцэж, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргах, геологи,
уул уурхай, газрын тосны салбарын ажлын чиглэлээр эрдмийн зэрэг горилогчийн
сэдэв дэвшүүлсэн болон зэрэг горилсон зохиолыг хэлэлцэж дүгнэлт гаргана.

No comments:

Post a Comment