Sunday, July 28, 2013

Уурхайн төлөвлөлтийн талаар

Өнгөрсөн ба одоо

Монголын уул уурхайн салбар 90 жилийнхээ түүхэн үе шатуудад төлөвлөлттэй холбоотой өөр өөр асуудалтай тулгарч байсан. Социализмын үеийн уурхайн төлөвлөлтийн гол зорилго нь улс ардын аж ахуй дахь тухайн бүтээгдэхүүний хэрэгцээгээр тодорхойлогддог байлаа[1]. Уурхайн төлөвлөлтийн цөм нь болсон өнөөгийн үнэ цэнийг тооцдоггүй тухайн үйлдвэр алдагдалтай байсан ч улсын төсвийн дотаци нөхөн олговроор гарсан хүндрэлүүдийг шийдвэрлэдэг байв.
“Шилжилтийн гэж нэрлэгдэх дуусашгүй он жилүүдэд” (О. Дашбалбар агсны тодохойлолт) буюу 1990-2004 онуудад уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замд орсон ч  уурхайн төлөвлөлт зөвхөн цаасан дээр ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн захиргааны хяналтын байгууллагуудын мэргэжилтэн, улсын байцаагчийн ширээнд л хадгалагдаж байсан гэж хэлж болно. Огт төлөвлөгөөгүй, мэргэжлийн бус уул уурхай мөн энэ үед эрчимтэй бий болсон. Одоо ч гэсэн энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. Зарим уурхайн урт ба богино хугацааны төлөвлөлт нь хоорондоо болон биелэлтээсээ орон зайн ба тоон утгаараа газар тэнгэр шиг ялгаатай байдаг нь хэвээр.
Ашигт малтмал олборлох үндсэн хоёр арга бий: ил ба далд уурхайн арга. Ашигт малтмал олборлох аргуудын талаар www.miningmn.blogspot.com блогоос дэлгэрүүлж уншиж болно. Мөн үндсэн 2 аргаас гадна шингэнээр ашигт малтмал олборлох аргын тухай танилцуулга байгаа. Зарим ордыг бүхэлд нь ил аргаар олборлож болдог бол заримыг зөвхөн далд уурхайн аргаар олборлох нь ашигтай байдаг. Энд би ил уурхайн төлөвлөлтийн тухай ярих болно.

Төлөвлөлтийн үе шатууд.

2012 оны дэлхийн эдийн засгийн хямрал, Хятадын эдийн засгийн хөгжлийн удаашрал Монголын уул уурхайн компаниудад хүндээр тусаж байгаа нь төлөвлөлтийг илүү бодитой, өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай байгааг харуулж байна. Энэ нь уурхайн төлөвлөлтийн үйл явц, түүний үе шатууд дахь үүрэг хариуцлагыг тодорхой болгохоос эхэлнэ. Төлөвлөлтийн үе шатуудыг Хүснэгт 1 харууллаа.

Үе шат
Үйл явц
Хэрэгжүүлэх арга хэмжээ
1
Бэлтгэл ажил
Үүрэг хариуцлагыг хувиарлах. Оролцогч талуудын шинжилгээ. Зорилго ба хамрах хүрээг тодорхойлох.
2
Судалгааны өгөгдлүүдийг бэлдэх
Дараах бэлтгэлийг хангана:
-Сонирхож буй талбайн хайгуулын болон олборлолтын зөвшөөрлийн тухай мэдээлэл.
- Тайлан, зураглал, өрөмдлөгийн өгөгдөл, блок модел зэргийг агуулсан сонирхож буй талбайн нөөцийн мэдээлэл
-Ашиглагдаж буй уурхайн хувьд ашиглалтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, боловсруулах байгууламж ба дэд бүтцийн тухай мэдээлэл (ашиглалтын гүйцэтгэл, хувилбар, хүчин чадал ба зардлыг багтаасан)
-Судалгааны явцад авч үзэж болох өөрчлөх боломжтой олборлолтын болон боловсруулалтын аргуудын тухай мэдээлэл.
-Холбогдох ашигт малтмал ашиглах болон хайх хууль, ашиглах хайх зөвшөөрлийн тухай нарийвчилсан мэдээлэл
-Ирээдүйн ашигт малтмалын эрэлт ба үнийн урьдчилсан тооцоо
-Ирээдүйн зардлын урьдчилсан тооцоо

3
Хүрээ тогтоох
Судалгааны нэг хэсэг болгон шалгах шаардлагатай хэрэгжүүлэх боломжтой шийдвэр болон хувилбаруудын багц бүрдүүлэх
4
Үнэлгээ
Хувилбаруудын загварчлал, оновчлол ба эдийн засгийн үнэлгээ явуулах. Сонгогдсон гол хувилбаруудад эрсдлийн үнэлгээ явуулах.
5
Сонголт
Хамгийн сайн төлөвлөгөөний хувилбарыг (хувилбаруудыг) сонгох. Ирээдүйн нөхцөлүүдэд тохирсон үйл ажиллагааг сонгох.
Хүснэгт 1 Төлөвлөлтийн үе шатууд[2].

Манай улсын томоохон уурхайнууд дээд шатны удирдлагатаа гадаадаас туршлагатай хүн урьж ажиллуулаад байгаагийн нэг шалтгаан нь дээд шатны уурхайн төлөвлөлтийн туршлагатай хүн Монголд ховор байгаатай холбоотой. Тэдний нэг чухал үүрэг нь маш өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд байх нь элбэг байдаг оролцогч талуудын шинжилгээ юм. Үүнд зах зээлд оролцогчдын судалгаа мөн орно.
 Ганц зах зээлтэй манай орны хувьд Хятадаас бүх зүйл хамаарч байна[3]. Жишээ нь нүүрс, төмрийн хүдэр олборлогчид Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн талаар мэдээлэл судалгаатай байдаг. Хятадын хамгийн том 16 үйлдвэр тэдгээрийн товч мэдээллийг хүснэгт 2 харуулав.
Хэрэглэгчдээс гадна өрсөлдөгчдийн нөхцөл судалгааны гадна хоцрох ёсгүй. Үүнд мэдээж эхний ээлжинд Хятадын ашигт малтмалын ордууд, уурхайнуудын мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр ордуудын газар зүйн байршил, уул геологийн нөхцөл, нөөц, өрсөлдөх чадвар, хэтийн төлөвийн тухай Монголын уул уурхайн компаниуд байнга судалж байдаг.


Нэр
Байршил
Хүчин чадал, сая тн ган
1
Hebei Iron and Steel
Хэбэй муж
52.9
2
Baosteel Group
Төв нь Шанхайд
37
3
Wuhan Iron and Steel
Төв Хэбэйд
36.6
4
Jiangsu Shagang
Шанхайн Хөх мөрөний сав газарт
30.1
5
Shougang
Бээжинд төвлөрсөн
25.8
6
Ansteel
Лиаонинг муж
22.1
7
Shandong Iron and Steel Group
Шандонг муж
23.2
8
Bohai Iron and Steel Group

17.5
9
Maanshan Iron and Steel Company
Анхуй мужийн хамгийн том үйлдвэр
15.4
10
Benxi Steel

22.1
11
Valin Steel Group

15.1
12
China Steel

12.7
13
Jianlong Steel

8.8
14
Rizhao Steel

9.8
15
Baotou Steel

10.1
16
Jiuquan Steel

8.6

Бүгд

347.8
Хүснэгт 2. Хятадын тэргүүлэгч 16 төмөрлөгийн үйлдвэр.

Төлөвлөлтийн үйл явц нь манлайлал, удирдлага, нөөц шаардах ба өөр хоорондоо ялгаатай үүрэг хариуцлага бүхий хүмүүс хамтран оролцдог. Сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй ашиглалтын зардал, аюулгүй ажиллагааг бүрэн хангах шаардлага, хувирч өөрчлөгдөж буй зах зээлийн чанарын зохицуулалт зэрэгтэй холбогдуулан уул уурхайн бизнес илүү мэргэшсэн болж байна. Үүнийгээ дагаад уурхайн төлөвлөлтийн бизнесийн ач холбогдол өсч уул уурхайн инженерүүдийн үүрэг өсөн нэмэгдэж байна. Үйлдвэрлэлийн, тухайн орон нутгийн туршлага бүхий хүмүүс Рио Тинто, БиЭйчБи Билитон зэрэг уул уурхайн том компаниудын удирдах бүрэлдэхүүнд илүү их ордог болсон байна.

Төлөвлөлтийн зарчмууд

Дараах зарчмууд нь уул уурхайн төлөвлөлтийн суурь байна[4]:
·         Баримтад тулгуурлан шийдвэр гаргах аргачлалыг дагах.
·         Гол зорилго нь өнөөгийн үнэ цэнийг хамгийн их байлгах.
·         Хоёрдогч зорилтуудыг хязгаарлагч болгон ашиглах.
·         Олон нийтэд зориулсан тайлан дүрмийг төлөвлөлтийн өгөгдөл болгон хэрэглэхгүй байх.
·         Тодорхойгүй зүйлс ба эрсдэлд хэвшсэн уламжлалыг дагах бус ойлгомжтой хоёрдмол утгагүй хандах.
Зарчмуудын тайлбарыг ишилсэн номноос нь дэлгэрэнгүй уншиж болно. Эдгээр зарчмууд нь урт хугацааны төлөвлөлтөд хамаатай. Богино хугацааны төлөвлөлт нь зарчим гэхээсээ илүү тодорхой дүрэм зааврын дагуу боловсруулагддаг. Энэ тухай судалгаа тусгайлан бэлдэж байгаа. Сонирхож байвал холбогдоорой.
Инженерчлэлийн асуудлууд
Уул уурхайн төлөвлөлт нь ашигт малтмалыг үр ашигтайгаар гарган авахад чиглэгдсэн гүйцэтгэх боломжтой төлөвлөгөөг бий болгох шийдвэр гаргах үйл явц юм. Энэ үйл явцад инженерчлэлийн асуудлууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Ашиглалтын аргын сонголт. Ил ба далд уурхайн аргуудын харьцуулсан судалгаа бүтээлүүд өргөн хэмжээнд олон тоогоор байдаг. Бүхэлд нь ил уурхайн аргаар эсвэл зөвхөн далд аргаар эдийн засгийн үр ашигтай ашиглах боломжтой нь илт ордууд байна. Гэтэл зарим орд эхэндээ ил аргаар ашиглагдаж, гүнд байгаа хүдрийн биетийн хэсгийг олборлох үед далд аргад шилжиж ашиглалт явагддаг. Боломжтой нөхцөлд том хэмжээний, бага агуулгатай ордыг оршин байгаа орчинд нь уусгах аргаар олборлож болдог. Олборлох металд тохирсон хүчил эсвэл уусмал ашиглаж эрдсийн бодисыг оршин байгаа орчинд нь уусгадаг.
Ил уурхайн үндсэн хэмжээсүүд. Ил уурхайн хэмжээ ба хэлбэрийг тодорхойлох олон хүчин зүйл байдаг. Ямар ч уурхайн ашиглалтыг эхлүүлэхийн өмнө эдгээрийг зөв ойлгож, зөв хэрэглэх ёстой. Тус бүрийн ач холбогдол нь тухайн төслөөс хамаарах боловч дараах үзүүлэлтүүд нь ил уурхайн загварт нөлөөлнө: геологи, агуулга ба эрдэсжилт, ордын тархалт, газрын гадаргуу, эзэмшлийн хил, үйлдвэрлэлийн хэмжээ, доголын өндөр, уурхайн хажуу, замын налуу, уурхайн зардал, боловсруулах зардал, метал гарган авалт, зах зээл, хөрс хуулалт, захын агуулга.
Үйлдвэрлэлийн оновчтой хэмжээг тогтоох. Төслийн өнөөгийн үнэ цэнийг хамгийн их байлгах үйлдвэрлэлийн хэмжээ нь хамгийн оновчтой.  Жилд олборлох хүдэр, нүүрс, бусад эрдсийн зүйлийн хэмжээгээр олборлох үйлдвэрийн хүчин чадлыг илэрхийлнэ. Уурхайн хүчин чадал нь ашиглалтын уул-техникийн нөхцөлөөр хязгаарлагдана. Зах зээлийн багтаамж багатай бүс нутаг, улс орны хувьд эрэлт хэрэгцээ шийдвэрлэх нөлөө үзүүлнэ[5].
Оновчлол. Ашиглагдах нөөц, загвар ба аргыг өөрчилж тохируулан боломжит хамгийн сайн үр дүн гаргах үйл явцыг тодорхойлохдоо оновчлол гэсэн нэр томъёог хэрэглэж болдог. Оновчлол нь мөн аливаа функцийн оновчтой утгыг олохтой холбоотой математикийн нарийн тодорхойлолтыг бас агуулдаг. Сүүлийн үеийн компьютерийн хөгжлөөс ихээр хожсон салбар нь оновчлол юм. Бага эрсдлээр ойлгомжтой байдлаар худалдааны ашиг олох бодит боломжыг удирдлагуудад санал болгох боломжтой болсон.
Дүгнэлт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хөрөнгө зарцуулах нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн хямралаас гарах төдийгүй тогтвортой хөгжлийн суурь нь юм.[u1]  Уул уурхайн компани ашигтай ажиллахын тулд оюуны өндөр багтаамжтай, судалгааны зардлын хувь хэмжээ ихтэй, стратегийн төдийгүй тактикийн тодорхой бодлоготой байх шаардлагатай болоод байна. Цаашид энэ процесс улам өргөжиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодлогын шинэчлэлд хүргэх нь тодорхой.
            Манай орны хувьд уул уурхайн үйлдвэрийн хөгжлийн гол хязгаарлагч нь зах зээл түүнд хүрэх тээврийн нөхцөл юм. Тээврийн нөхцөлийг сайжруулахаар төр засгаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран төмөр зөм барих, далайн тээврийн гарцыг шийдвэрлэх  зэрэг ажлуудыг хийгээд эхэлсэн. Харин зах зээл нь биднээс хамаарахгүй асуудал тул түүний судалгаанд илүү их анхаарал тавьж ашиг олох боломжийг алдахгүй, болзошгүй хохиролоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
            Монголын уул уурхайн хөгжлийг дагаад инженерийн боловсрол мөн дэлхийн хаана ч гологдохооргүй түвшинд хүрсэн. Уул уурхайн төлөвлөлт зохих түвшинд байгаа. Харин ашиглалтын үйл ажиллагааны хяналт, түүний оновчлол хоцрогдож байна. Үүнээс үүдэн ашиглалтын зардлыг хэт бага нормоор хязгаарлаж ажиллагсадтайгаа байнгын зөрчилтэй байх, богино хугацааны оновчлолын зөв бодлогогүйгээс зардал өндөр, алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Сүүлийн уул уурхайн салбарт болоод байгаа хямрал энэ байдлыг засаж уурхайн богино хугацааны төлөвлөлт, оновчтой шуурхай удирдлагын системийг үйлдвэрлэлд нэвврүүлэхийн ач холбогдлыг харуулж байна.

С.Мандахбаяр
Ухан, 2013 оны 7 сарын 28 өдөр



[1] В.В.Ржевский, Открытые горные работы, В двух частьях. Москва, Недра. 1985.
[2] Edited by Peter Darling. Mining Engineering Handbook, in 2 volumes. SME. 2011
[3]АМГ-ын Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, Уул уурхайн салбарт цогц судалгаа үгүйлэгдэж байна, 2012 оны 10 сарын 11, < http://www.mining.mn/NewsDetails_8112.aspx>, (2012 оны 11 дүгээр сар 11)
[4] Edited by Peter Darling. Mining Engineering Handbook, in 2 volumes. SME. 2011
 [5] Ж.Бямба – Юу, С.Цэдэндорж. Уул уурхайн үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэс, арга зүй. ШУТИС – УУИС; Улаанбаатар. 2007.







2 comments:

  1. Boditoi l zuils baina. Mongol Uls undsendee TAAMAG-aar yavj baina.

    SUDALGAA, TULUVLULT-duu hurungu, tsag zartsuulsan tsuuhun companiud ih ashigtai ajillaj baina.

    ReplyDelete
  2. Баярлалаа. Ашиглалтын үеийн судалгаа, богино хугацааны оновчлолын аргачлал дутагдаад байх шиг. Доод түвшиний эдгээр асуудлыг зөв шийдэж урт хугацааны төлөвлөлт, төсөөлөл, бизнесийн стратегийн зорилго эрсдэлд орохгүй.

    ReplyDelete