Saturday, April 28, 2012

УУРХАЙГ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ / Mine acceptance rule.


Үйлдвэр Худалдааны сайдын
2007 оны
291 тоот тушаалын хавсралт

Уурхайг хүлээн авах журам

Нэг. Ерөнхий зүйл

       1.1 . Энэхүү журмын зорилго нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 10.1.7 дахь, 35.4 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдох хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлага, ордыг Техник, эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн уурхай, уулын үйлдвэрийг хүлээн авахад оршино.

        1.2 . Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (цаашид компани гэх) уурхай, уулын үйлдвэрийн ашиглалтын өмнөх бэлтгэл ажлыг бүрэн хангасны дараа Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргах, уурхайг хүлээн авах комисс (цаашид комисс гэх) томилох, комисс уурхайд ажиллахад энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Комиссын зохион байгуулалт, бүрэлдэхүүн

2.1. Комиссыг дараахь байдлаар зохион байгуулна. Үүнд:

2.1.1.Стратегийн ач холбогдол бүхий ордыг түшиглэн барьж байгуулах уурхай болон уулын үйлдвэрийг Засгийн газраас томилсон комисс хүлээн авна.

2.1.2. Баяжуулах үйлдвэрийн өдрийн хүчин чадал нь 1000 м3-ээс дээш улсын буюу бүс нутгийн чанартай уурхай, уулын үйлдвэрийг Үйлдвэр, худалдааны сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар томилсон комисс хүлээн авна.

2.1.3. Баяжуулах үйлдвэрийн өдрийн хүчин чадал нь 1000 м3-ээс бага орон нутгийн чанартай барилга байгууламжтай уурхай, уулын үйлдвэрийг Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар томилсон комисс хүлээн авна.

2.2. Уурхай, уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хэрхэн хангасан талаар компани комисст танилцуулж ажлын хэсэг томилж бэлтгэл ажлын явцтай танилцах эсэхийг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

2.3. Улсын комисс ажиллах үед ажлын хэсгийн дарга нь комиссын хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийг үнэн зөв гарган, холбогдох баримт бичгүүдийг улсын комисст танилцуулж, хүлээлгэн өгнө.

2.4. Далд уурхайд уул уурхайн аврах ангийг уурхайн бэхэлгээ, агааржуулалт, хийг шалгалгуулсны дараа хүлээн авах комисс ажиллана.

2.5. Ашигт малтмалыг хаягдалгүй, бүрэн олборлож, баяжуулж, боловсруулж, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг Техник, эдийн засгийн үндэслэл заасны дагуу үйлдвэрлэж байгаа талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулна.

2.6. Комиссын гишүүн мэргэжлийн чиглэлээр санал, дүгнэлт болон акт гаргаж болох ба шалгалтын дүнг бүх гишүүдийн гарын үсэг бүхий батлагдсан загварын дагуу нэгдсэн актаар гаргана.

Гурав. Уурхайг хүлээн авах комиссын анхаарах зүйлс

3.1. Уурхайн Техник, эдийн засгийн үндэслэл болон бусад техникийн зураг төслийн дагуу байгууласан, ТЭЗҮ-н зураг төсөлд тусгагдсан технологи тоног, төхөөрөмж, машин механизмууд бүрэн ашиглагдаж байгаа эсэх;

3.2. Ажилтнуудын болон ахуйн байр, усан хангамж зэргийг аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагад нийцэж буй эсэх;

3.3. Уурхай нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, ”Хүдэр, хүдрийн бус, шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм” болон уурхай, уулын үйлдвэрийн онцлог, технологи, шат дамжлагаас хамааран холбогдох бусад хууль, дүрэм, журмын шаардлагад нийцэж байгаа эсэх;

3.4. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах, тэсэлгээний өмнөх бэлтгэл ажлын байрыг “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-д зааснаар тоноглосон болон тэсэлгээний ажлыг энэхүү дүрмийн дагуу явуулж байгаа эсэх;

3.5. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо зэргийг холбогдох дүрэм стандартын дагуу барьж байгуулсан эсэх;

Дөрөв. Уурхайг ашиглалтанд оруулах компанийн эрх, үүрэг

4.1. Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтанд хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг уурхай байгууламжийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүргүүлэх ба уулын үйлдвэрийн тухайн үеийн зурагт болон дүрс бичлэгт дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргасан байна.

4.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал олборлох үеийн бэлтгэл ажлыг хангасан байх. Үүнд:

• Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн сонголт,
• “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 35-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг”-ийн дагуу Уурхай болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх зүйн баримт бичгийн бүрдлийг бүрдүүлсэн байх. Үүнд:
o Ашиглалтын тусгай зөвшөөрөл,
o Ашиглалтын талбайн уулын ажлын төлөвлөгөө, тайлан,
o Тэсэлгээний ажил хийх зөвшөөрөл
o Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ,
o Байгаль орчинг хамгаалах төлөвлөгөө,
o Уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт
o Газар, ус ашиглах гэрээ гэх мэт,
• Баяжуулах үйлдвэрийн металл авалт, хаягдлын сангийн хоргүйжүүлэлт, далд уурхайн агааржуулалт, агаарын бохирдолт зэргийг хэмжиж мэргэжлийн байгууллагаар хянуулсан акт, баримт бүрдүүлсэн байх;

4.3. Уурхайг хүлээн авах комиссын уурхайд ажиллахад гарах зардлыг тухайн аж ахуйн нэгж хариуцах;

Тав. Бусад

5.1. Уурхайг хүлээн авахтай холбоотой гарах маргаантай асуудлаар тухайн аж ахуйн нэгж, компани гомдолоо шүүхээр шийдвэрлүүлнэ.

No comments:

Post a Comment